Сэдвийн танилцуулга
“ХАРХОРУМ” Олон улсын кино наадам 2023
“ХАРХОРУМ” Олон улсын кино наадмын 2023 оны онцлох сэдэв нь “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”) юм. Учир нь дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн энэхүү тунхгийг хэрэгжүүлж байгаа билээ.
“ХАРХОРУМ” Олон улсын кино наадам-2023 нь хүн төрөлхтний тэгш шударга эрхийн төлөө анхаарлаа хандуулсан шилдэг кинонуудыг үзэгчдэд толилуулж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг сурталчлах, нийтлэг ойлголт, сэдэвчилсэн мэдлэгийг таниулах, кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэхүү наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллана.
Наадмын агуулга
“ХАРХОРУМ” Олон улсын кино наадам -2023 “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”)-д ирэх бүтээл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүйсийн тэгш байдал, эрүү шүүлтээс ангид байх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг иргэний болон улс төрийн эрхээс эхлээд хүүхэд, охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настан, бэлгийн, үндэстэн угсаатны, хэл шинжлэлийн цөөнх, цагаачид, дүрвэгсэд гэх мэт бүлгүүдийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх зэрэг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдсан хүний бүх эрх, үндсэн эрх чөлөө, мөн Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох амьд явах, сурч боловсрох болон бусад бүх эрхийг өгүүлсэн, хөхүүлэн дэмжсэн агуулгатай бүтээл байна.
Байршил
- Шангри Ла IMAX
- Корпорейт Конвеншн Центер
- Эм Пи Эм цогцолбор
- Чингис Хаан Үндэсний музей